“Эхлээд эмэгтэйчүүд, дараа нь эрчүүдийн сэтгэлгээг эмчилж байж нийгмээ өөрчилнө”
ЗГМ: Зочин
Монголын нийгэм удахгүй өөрчлөгдөнө гэдэгт би бүрэн итгэдэг
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр “Хүчирхийллийн нүцгэн үнэн” судалгаа хийсэн. Судалгааны талаар болон бусад асуудлаар НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахаратай ярилцлаа.
-Юуны түрүүнд судалгааны эцсийн дүгнэлтийн талаар товч тайлбар өгөхгүй юу?
-Судалгааны дүн тааруухан гарсан. Бараг гурван монгол эмэгтэй тутмын хоёр нь ямар нэг төрлийн хүчирхийллийн золиос болж байгааг тогтоолоо. Бид Монголд жендерт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой суурь асуудлыг судалж, хамтрагчийн болон бусдын зүгээс үйлдсэн хүчирхийлэл гэсэн хоёр үндсэн чиглэлээр үр дүнг нэгтгэсэн. Судалгаа олон төрлийн санал асуулга, баримт мэдээллээс бүрдсэн бөгөөд манай байгууллагын цахим хуудаст нийтлэгдсэн тул хэн ч үзэх боломжтой.
-Үүнийг олон улсын дундажтай харьцуулахад ямар үзүүлэлт вэ?
-Хамтрагчийн болон бэлгийн дарамтын үзүүлэлтээр олон улсын дунджаас илүү байна. Тиймээс энэ чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй. хамтрагчийн бус хүчирхийллийн гол хохирогчид нь нас залуу эмэгтэйчүүд. өсвөрийн буюу 15 орчим насны арван эмэгтэй тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж судалгааны дүн гарсан. Улс орнуудыг хүчирхийллийн үзүүлэлтээр харьцуулахад их түвэгтэй. Зарим улсад өөр аргачлалаар судалсан байдаг. Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд дэлхийн орнууд хүчирхийллийг хоёр өөр хэмжүүрээр тооцож ирсэн. Монголд энэ салбарт судалгаа хийх олон улсын хэмжүүр, аргачлалыг нэвтрүүлэхээр бид ажилласан. Тэгэхээр дэлхийн орнуудын хүчирхийллийн байдлыг хэдэн жилийн дараа л харьцуулахаас аргагүй. Ерөнхийд нь харвал Монгол улс бэлгийн хүчирхийллийн үзүүлэлтээр Ази, Номхон далайн бүс нутагт дунджаас бага зэрэг дээгүүр байгаа нь ажиглагдлаа. Гэхдээ сүүлийн үед Монголд амьдралын чанар сайжирч, эмэгтэйчүүдийн боловсролын түвшин дээшилж буй нь хүчирхийлэл буурах хандлагатай болсныг харуулж байна.
-Эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болж байгаа шалтгаан нь юунд байна вэ?
-Хүчирхийлэлд монголчууд архийг буруутгадаг. Нөхөр нь архинд ороод эхнэрээ хүчирхийлж байна гэдэг. Хүчирхийллийг өдөөгч олон хүчин зүйлийн нэг нь архи байж болзошгүй. Харин бидний үзэж байгаагаар хүйсийн тэнцвэргүй байдал хүчирхийллийн гол шалтгаан болжээ. Эхнэртээ хааяа гар хүрэх, хүүхдэдээ алганы амт үзүүлэх нь хэвийн үзэгдэл гэж монголчууд боддог. Гэтэл энэ жижиг зүйлээс нийгмийн хүчирхийлэл үүсээд байна шүү дээ. Улс орны боловсрол, эрүүл мэндийн салбар өмнөхөө бодвол шинэ түвшинд гарч байна. Гэтэл нийгмийн сэтгэл зүй, соёл өөрчлөгдөөгүй хэвээр байна. Тухайлбал, санал асуулгад оролцсон эмэгтэйчүүдийн 50 гаруй хувь нь гэр бүлийн аливаа асуудлыг нөхөр шийдэх ёстой гэх мэт байр суурьтай байсан. Мөн 25 орчим хувь нь нөхрийнхөө өмнө гэм хийсэн бол алганы амт үзэж болно гэдэгтэй санал нийлжээ. Тэгэхээр нийгмийн энэ их хүчирхийллийн эх булаг монголчуудын, ялангуяа бүсгүйчүүдийн сэтгэлгээнд оршиж байна. Бид энэ сэтгэлгээг өөрчлөхөөс нааш хүчирхийллийг таслан зогсоож чадахгүй. Бид эхлээд эмэгтэйчүүдийн, дараа нь эрчүүдийн сэтгэлгээг эмчилж байж нийгмийг өөрчилнө.
-Хүчирхийлэл хүүхдийн сэтгэл санаанд ямар аймшигтай ул мөр үлдээдгийг судалгааны зарим үр дүн харуулж байна. Хүчирхийллийн золиос болсон тэр олон хүүхдийн сэтгэлийн шархыг анагаахад олон жил хэрэгтэй байх даа?
-Мэдээж олон жил шаардагддаг. Гэхдээ би энэ тал дээр өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна. Монголчууд өөрчлөгдөн хувьсаж чаддаг ард түмэн. Энэ өөрчлөлтийг хийж чадна.
-Саяхан зохион байгуулсан хүчирхийллийн сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгээс иргэд хүчирхийллийн хүүхдийг нөмөрдөг хар сүүдрийн талаар бага ч болов мэдэрсэн байх. Хүчирхийлэл томчуудын хооронд өрнөдөг ч хүүхэд хамгийн их хохирдгийг тэр бүр ухаардаггүй. Эрэгтэйчүүдийн боловсролын түвшин хүчирхийлэлд хэр нөлөөлдөг юм бол?
-Энэ талаар бид дэлгэрэнгүй судалсан. Бид Монголд хийсэн судалгаанд эмэгтэйчүүдээс гадна эрчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бэлгийн цөөнхийг хамруулсан. Хамгийн гол нь хүчирхийлэгч болон хохирогчдын хэн хэн нь хаана, хэнд хандахаа мэддэггүй. Эрчүүд буруу зүйл хийж буйгаа мэдсэн атлаа сэтгэл санааны дарамт, бэрхшээлийг хэрхэн даван туулахаа мэддэггүй. Учир нь энэ чиглэлээр мэргэжлийн сэтгэлзүйч, зөвлөгөө өгч үйлчилгээ үзүүлэх байгууллага Монголд хомс байна. Тэгэхээр энэ салбарт сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх үйлчилгээний байгууллага бий болгох үндэс суурь, орчин бүрдүүлэхээр бид ажиллаж байна.
Хүчирхийллийн шалтгаан монгол бүсгүйчүүдийн сэтгэлгээнд байна
-Ардчилалд шилжсэн тэр цаг мөчөөс эхлэн монголын дундаж орлоготой айл өрхүүд охин хүүхдийнхээ боловсролд хэт анхаараад, хөвгүүдээ орхисон гэх шүүмжлэл байдаг. Тэр үеийн хүүхдүүд одоо нийгмийн ид үеийнхэн байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн боловсролын энэ ялгаа хүчирхийлэл гаарахад нөлөөлж байна уу?
-Хүйсийн ялгаанаас үл хамааран хүн бүхэн боловсрол эзэмших эрхтэй. Хүчирхийлэл нь иргэдийн боловсролоос бүрэн хамаардаг гэж хэлэхэд учир дутагдалтай. Өндөр боловсролтой, эрх зүйн олон талын мэдлэгтэй эмэгтэй хүртэл хүчирхийллийн золиос болсон хэрэг байдаг. Дээд боловсролтой хүн эхнэртээ удаа дараа гар хүрсэн тохиолдол ч бий.
-Хүчирхийлэх зуршилтай болдог юм болов уу?
-Дээр хэлсэнчлэн хүчирхийлэгч болон хохирогчдод харж хандах газар хэрэгтэй. Тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж өгөх газар байхгүй бол хүчирхийлэл үргэлжилсээр байдаг. Хүчирхийлэгч гэмт хэрэг үйлдсээр, золиос нь хохирсоор байх болно.
-Хүчирхийллийг зогсоох чухам ямар алхам хийх шаардлагатай байна вэ. Монголын засгийн газар, НҮБ-ын хүн амын сан, иргэдийн зүгээс гэмт хэргийг бууруулахад ямар бодит ажил төлөвлөж байна?
-Юуны түрүүнд ард иргэдийн дунд хүчирхийллийн талаар боловсрол мэдлэг олгох кампанит ажил эхлүүлэхээр төлөвлөж байна. Үүний эхлэл болж буй “хүчирхийллийн нүцгэн үнэн” судалгааг сайжруулж, улам чамбайруулахын төлөө ажиллана. Энэ судалгааг хэвлэн нийтлэх, олон нийтийг мэдээллээр хангах зорилт тавьсан. Орон нутагт хүчирхийллийг таслан зогсооход чиглэсэн зөвлөгөө, мэдлэг олгох 10 төв шинээр байгуулахаар ажиллаж байна. Бид үйл ажиллагаагаа хоёр үндсэн чиглэлд хандуулж байгаа. Юуны өмнө хохирогчдод тусламж үйлчилгээ үзүүлнэ. Мөн нийгмийг хүчирхийллээс сэргийлэхийн тулд суртал ухуулга, мэдээллээр хангана. Энэ бол хүчирхийллийг таслан зогсоох хамгийн гол арга зам. Ялангуяа, залуучуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх нь хамгаас чухал.
Хүчирхийлэгч, хохирогчид хаана, хэнд хандахаа мэддэггүй
-Өсвөр насныханд хүчирхийллийн тухай мэдлэг олгох нь чухал. дунд сургуулиудад энэ чиглэлээр сургалт явуулж болох уу?
-Бид хэд хэдэн дунд сургууль сонгож амьдрах ухааны сургалт явуулаад эхэлсэн. Үр дүн сайн байгаа. Дорнод аймгийн нэгэн дунд сургуульд гэхэд архи, тамхи хэрэглэдэг нэгэн танхай сурагч байж л дээ. Түүнийг бид амьдрах ухааны сургалтад хамруулсан юм. Гэтэл зургаан сарын дараа сурагч хорон муу зуршлаасаа салж, гэрийнхээ ажилд тусалж эхэлсэн. Энэ бол бидний сургалтын зорилго байсан л даа.
-Та бүхэн засгийн газраас болон хамтрагч бусад байгууллагаас хангалттай тусламж дэмжлэг авч чадаж байна уу?
-Үйл ажиллагааг маань хангалттай дэмжиж, хамтран ажиллаж байна. Би 2013 оны долдугаар сард анх Монголд томилогдон ирж байсан. Тухайн үед хүчирхийллийн тухай, ийм судалгаа явуулах талаар ярихад намайг сонсох хүн нэг ч байгаагүй. Хамтрах байгууллага ч байхгүй байсан. Дараа нь Австрали, Швейцар, АНУ-ын төлөөлөгчид Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн. Хүчирхийллийн асуудалд ард иргэд, төр засгийн анхаарлыг хандуулна гэдэг үнэхээр хүнд ажил байсан. Гэвч бид үүнийг хийж, нийгэмд өөрчлөлт гаргаж чадсан. Одоо бидний үйл ажиллагааг Засгийн газар, яамд, ҮСХ, бусад төрийн болон төрийн бус олон байгууллага дэмжиж байна. Одоо бид хүчирхийллийн асуудалд шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулахаар ажиллаж байна. Төр засгийн зүгээс энэ асуудалд анхаарч, холбогдох хууль журам батлан, тодорхой хөрөнгө мөнгө төсөвлөх хэрэгтэй. Нийгмийн хорт хавдар мэт энэ асуудлыг шийдэж, үр хойчоо авран хамгаалахын төлөө УИХ болон Засгийн газрын гишүүд хамтран ажиллах ёстой.
-Хамтрагчийн зүгээс ирэх хүчирхийлэл хамгийн их хувьтай байна гэсэн. Нөхрөө хоригдох вий, шоронгоос гарч ирээд яах бол, хэдий хэмжээний торгууль төлөх бол гэж эмээдгээсээ олон эмэгтэй хүчирхийлэлд өртсөөр байна. Үүнд засгийн газар ямар байр суурьтай байна вэ?
-Бид энэ асуудлаар ХЗДХЯ-тай нягт хамтран ажиллаж байгаа. Мөн ЭМЯ, ХНХЯ, хүний эрхийн байгууллагууд нэг баг мэт хамтран ажиллаж байна. Хүчирхийлэгчийг хорьж цагдахаас илүү гэмт хэрэг үйлдэхээс нь урьдчилан сэргийлэхийн төлөө бид ажиллана.
-Аливаа гэмт хэрэг хүчирхийллээс эхэлдэг гэж та хэлсэн. Тэгэхээр монголд гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаа шалтгаан нь энэ гэж та үзэж байна уу?
-Энэ чиглэлээр тусгайлан судалгаа явуулж байж хариулт хэлэх нь зүйтэй байх. Гэхдээ Монгол бол эдийн засгийн шилжилт, хүндрэлийг даван туулсан улс гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр хүчирхийллээс илүүтэй ядуурал гэмт хэргийн өсөлтөд нөлөөлөх магадлал ихтэй. Бид удахгүй хүчирхийллийн эдийн засагт учруулах аюулын талаар судалгаандаа тусгах гэж байгаа.
-Эмэгтэй хүний хувьд танд энэ салбарт ажиллахад хэр зэрэг хүнд байдаг вэ. Нийгмийн хар бараан баримт, судалгаа хийнэ гэдэг хэцүү байх?
-Мэдээж хэрэг сэтгэл эмзэглүүлмээр хэрэг, тоо баримттай ажиллахад эхлээд хэцүү байсан. Гэхдээ бидний үйл ажиллагаа, судалгааг олон нийтийн сүлжээнд хүмүүс дэмжиж эхэлсэн. Өмнө нь хүчирхийллийн асуудлыг хүлээж авдаггүй байсан нийгэмд эрс өөрчлөлт орж эхэлсэн нь илт байна. Гудамжинд хүн цохиж унагасан этгээдийг цагдаа баривчилдаг. Гэтэл гэртээ хүн зодсон этгээдийг яагаад баривчилдаггүй юм бэ. Энэ бол үнэхээр шударга бус үйлдэл гэдгийг иргэд ухаарч эхэлсэн. Монголчууд амархан хөгжиж, шинэ зүйлийг түргэн хүлээн авах чадвартай. Ямар нэгэн асуудалд муйхарлахгүй, уян хатан хандаж, тулгамдсан асуудалд шийдэл олохдоо сайн. Бидний хийсэн судалгаагаар үнэхээр муу үр дүн гарсан нь үнэн. Гэхдээ Монголын нийгэм удахгүй өөрчлөгдөнө гэдэгт би бүрэн итгэдэг.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй